МУИС · Сэтгэл судлалын тэнхим
Бакалаврын эрдэм шинжилгээний хурал ба Сэтгэл судлалын олимпиадын журам
Нэг. Ерөнхий зүйл
Энэхүү журмын зорилго нь МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимээс зохион байгуулж буй Сэтгэл судлалын олимпиад ба Бакалаврын эрдэм шинжилгээний хуралд оюутнуудыг бүртгэх, оролцуулах, шалгаруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Бакалаврын эрдэм шинжилгээний хурал ба Сэтгэл судлалын олимпиад нь сэтгэл судлалын ангийн бакалаврын оюутнуудын онолын мэдлэг, судалгааны аргазүйн ур чадварыг сорих, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, өөрсдийн судалгааны үр дүнг багш, судлаач, оюутнуудын өмнө хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Бакалаврын эрдэм шинжилгээний хурал ба Сэтгэл судлалын олимпиадад их, дээд сургуулийн сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд оролцох эрхтэй.
Хоёр. Сэтгэл судлалын олимпиадын журам
- Олимпиадад оролцогч бүр зөвхөн ганцаарчилсан хэлбэрээр бие даан өрсөлдөнө.
- Нийт 200 хүртэлх оюутан бүртгэнэ. Хяналтын тоо гүйцмэгц олимпиадын бүртгэл автоматаар хаагдана.
- Сэтгэл судлалын үндсэн онол, ойлголтын мэдлэгийг дараах чиглэлүүдээр сорино:
- Нийгмийн сэтгэл судлал
- Бие хүний сэтгэл судлал
- Хөгжлийн сэтгэл судлал
- Сэтгэл судлалын түүх
- Сэтгэц оношилгоо
Гурав. Бакалаврын эрдэм шинжилгээний хурлын журам
- Эрдэм шинжилгээний хуралд оюутнууд ганцаарчилсан эсвэл багаар оролцож болно.
- Багаар оролцох тохиолдолд багийн ахлагч болон 4 хүртэл гишүүнтэй байна. Нэг оролцогч зөвхөн нэг багт орно.
Бүртгэлд шаардагдах мэдээлэл:
- Илтгэгч (эсвэл багийн ахлагч)-ийн овог, нэр, оюутны код, сургуулийн нэр, суралцаж буй түвшин (курс), и-мэйл хаяг, утасны дугаар
- Багаар оролцож буй бол гишүүн тус бүрийн овог, нэр, оюутны код
- Илтгэлийн сэдэв
- Удирдагч багшийн эрдмийн зэрэг, цол болон овог нэр
Судалгааны ажилд тавигдах шаардлага:
- Судалгааны ажил нь сэтгэл судлалын шинжлэх ухааны онол, практикийн асуудлыг хөндсөн байх.
- APA 7th стандартын дагуу эшлэл, номзүй, хүснэгт, графикийг боловсруулсан байна.
- Илтгэгч нь судалгааны ёс зүй, оюуны өмч, зохиогчийн эрхийг чанд баримталсан байх бөгөөд бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарласан эсвэл хуурамч өгөгдөл бүрдүүлсэн тохиолдолд шалгаруулалтаас хасна.
Дөрөв. Бүртгэл ба төлбөрийн нөхцөл
- Бүртгэл зөвхөн цахим системээр явагдах бөгөөд суудал дүүрээгүй тохиолдолд 2027 оны 2-р сарын 01-ний өдрийн 23:59 цагт (Улаанбаатарын цагаар) бүрэн хаагдана.
- Бүртгэлийн хураамжийг бүртгүүлэх хугацаанаас хамааран дараах 2 шатлалаар тооцно:
| Бүртгэлийн шатлал | Хугацаа | Хураамж |
| Эрт бүртгэл | 2026 оны 12-р сарын 15-ны 23:59:59 хүртэл | 20,000 төгрөг |
| Үндсэн бүртгэл | 2026 оны 12-р сарын 16-наас бүртгэл хаагдах хүртэл | 50,000 төгрөг |
- Нэг оюутны код тухайн төрөлд (Олимпиад эсвэл ЭШ хурал) зөвхөн нэг удаа бүртгэгдэнэ. Оюутны код давхардсан тохиолдолд систем бүртгэлийг хүлээн авахгүй.
- Цахим маягтыг үнэн зөв бөглөж илгээснээр оролцогчид бүртгэлийн дугаар олгогдож, бүртгүүлсэн и-мэйл хаяг руу баталгаажуулах мэдэгдэл илгээгдэнэ.
- Бүртгэлийн хураамжийг төлж бүртгэл баталгаажсаны дараа оролцогч өөрийн хүсэлтээр бүртгэлээ цуцлах, арга хэмжээнд хүрэлцэн ирээгүй эсвэл журмын заалт зөрчсөний улмаас тэмцээн, хурлаас чөлөөлөгдсөн тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.
- Бүртгэлийн хураамжийг эрдэм шинжилгээний хурал ба Сэтгэл судлалын олимпиадыг зохион байгуулах үйл ажиллагаанд зарцуулна.
Тав. Оролцогчийн эрх, үүрэг ба дэг
- Оролцогч нь бүртгэлийн маягтад өөрийн болон багийн гишүүдийн мэдээллийг үнэн зөв, алдаагүй оруулах үүрэгтэй.
- Бүртгүүлэхдээ хувийн мэдээллийг зөвхөн тус арга хэмжээг зохион байгуулах зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн байна.
- Олимпиад болон ЭШ хурал эхлэхээс 30 минутын өмнө БОХТ-502 тоот танхимд оюутны үнэмлэх (эсвэл иргэний үнэмлэх) болон бүртгэлийн дугаарын хамт хүрэлцэн ирж бүртгэлээ баталгаажуулна.
- Олимпиадын явцад гар утас, ухаалаг төхөөрөмж, нэмэлт ном гарын авлага ашиглах, бусадтай харилцахыг хатуу хориглоно. Дүрэм зөрчсөн оролцогчийг тэмцээнээс шууд чөлөөлнө.
Зургаа. Харилцаа холбоо ба мэдээлэл тодруулах
- Бүртгэл баталгаажуулалт, удирдамж болон зохион байгуулалттай холбоотой бүх мэдээллийг зөвхөн бүртгэлд оруулсан и-мэйл хаягаар дамжуулан хүргэнэ.
- Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, залруулах эсвэл арга хэмжээтэй холбоотой асуулт, хүсэлт байвал зохион байгуулагчтай зөвхөн албан ёсны и-мэйл хаягаар харилцана.
И-мэйл: enkhtushig.l@num.edu.mn
Байршил: МУИС, БОХТ-502 тоот
Хаяг: Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот